Хууль, эрх зүй
Хуулиуд
Хуулиуд
Санал авч буй хуулийн төслүүд
Ажил олгогч эздийн баримтлах ёс зүй
Эдийн засгийн хүрээнд
Нийгмийн даатгалын хүрээнд
Хөдөлмөрлөх эрхийг хүндэтгэх хүрээнд
Хүний эрхийг хүндэтгэх хүрээнд
Шударга өрсөлдөөнийг дэмжих хүрээнд
Авилга, хээл хахуулийн эсрэг
Байгаль орчныг хамгаалах хүрээнд
Нийгмийн түншлэлийн хүрээнд
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлын хүрээнд
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрүүд
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль

2019/07/04


ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээнд баримтлах цагийн үндсэн цалин /хөлс/-гийн доод хэмжээг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль тогтоомж

2.1.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ

3.1.Тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтан болон ажиллагч /цаашид “ажилтан” гэх/-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин /хөлс/-гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэнэ.

3.2.Тодорхой боловсрол, тусгай мэргэжил, ур чадвар шаардах ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтны цагийн үндсэн цалин /хөлс/-г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоохыг хориглоно.

3.3.Энэ хуулийн 3.1 дэх хэсгийн заалт нь ажилтан цалин /хөлс/-гаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс өндөр тогтоолгох, ажил олгогч болон ажиллуулагч /цаашид “ажил олгогч” гэх/ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс илүү тогтоосон цалин /хөлс/ олгоход саад болохгүй.

4 дүгээр зүйл.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, өөрчлөх зарчим, хүчин зүйл

4.1.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5.1-д заасны дагуу тогтоосон түвшингээс багагүй байх бөгөөд хэрвээ хүн амын амьжиргааны доод түвшинг мөн хуулийн 5.3-т заасны дагуу тогтоосон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь хамгийн өндөр тогтоосон бүсийн түвшингээс багагүй байна.

4.2.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дараахь хүчин зүйлийг харгалзан тогтоох буюу өөрчилнө:

4.2.1.хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт;

4.2.2.хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа;

4.2.3.нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ;

4.2.4.эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ТОГТООХ, МӨРДӨХ

5 дугаар зүйл.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, өөрчлөх

5.1.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо тогтооно.

5.2.Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохтой холбогдсон дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.2.1.хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, шинэчлэх тухай тогтоол гаргах;

5.2.2.хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох зорилгоор дэргэдээ хөдөлмөрийн бүтээмж, цалин /хөлс/-гийн асуудлаар мэргэшсэн судлаачдын баг ажиллуулах;

5.2.3.энэ хуулийн 5.4-т заасны дагуу тогтоох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаархи мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх;

5.2.4.хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, мөрдүүлэхтэй холбогдсон аргачлал, зааврыг гаргах.

5.3.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагууд харилцан тохиролцож, салбарын болон салбар дундын хэлэлцээрээр энэ хуулийн 5.1-д заасан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс нэмэгдүүлэн тогтоож болно.

5.4.Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо энэ хуулийн 4.2-т заасан хүчин зүйлийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа тогтоох бөгөөд энэ хуулийн 6.1, 6.2-т заасан саналын дагуу шинэчлэн тогтоож болно.

6 дугаар зүйл.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, өөрчлөх асуудлаар санал гаргах

6.1.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, өөрчлөх саналыг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороонд төлөөлөл бүхий аль нэг тал, эсхүл талууд хамтран гаргаж болно.

6.2.Улс орныг бүхэлд нь хамарсан эдийн засгийн хямрал, гамшгийн болон онцгой байдлын нөхцөлд нийтийн эрх ашгийн үүднээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тодорхой хугацаанд тогтвортой байлгах болон нийгмийн хамгааллын бусад арга хэмжээтэй хослуулан түр хугацаагаар бууруулан мөрдөх саналыг Засгийн газар гаргаж болно.

7 дугаар зүйл.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дагаж мөрдөх

7.1.Ажилтныг хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллуулж байгаа ажил олгогч нь түүнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс багагүй үндсэн цалин /хөлс/-г олгох үүрэг хүлээх бөгөөд ажил олгогч нь энэ хуулийн 5.3-т заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хамаарах бол түүнээс багагүй үндсэн цалин /хөлс/-г өмчийн төрөл, хэлбэр болон тухайн салбарын ажил олгогч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагад гишүүнчлэлтэй эсэхээс үл хамааран олгоно.

7.2.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон тохиолдолд түүнийг дагаж мөрдүүлэхээр заасан өдрөөс, ийм хугацаа тогтоогоогүй бол нийтэд зарласан өдрөөс эхлэн шинэчлэн тогтоосон хэмжээнээс багагүй үндсэн цалин /хөлс/-г олгох бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зарлан мэдээлэх үүргийг Засгийн газар болон Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо, мөн энэ хуулийн 5.3-т заасан төлөөлөн хамгаалах салбарын байгууллагын тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зарлан мэдээлэх үүргийг хэлэлцээр байгуулагч талууд хүлээнэ.

7.3.Энэ хуулийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын байгууллага, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина.

7.4.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэрэглэхтэй холбогдсон бусад хуулийн заалтыг хэрэгжүүлэхдээ Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг мөрдлөг болгоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

8 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

/Энэ зүйлийн гарчигт 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.1.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль тогтоомж зөрчсөн тухай гомдлыг ажилтан, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллага нь хөдөлмөрийн улсын байцаагч буюу шүүхэд гаргаж болно.

8.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8.3.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур үндсэн цалин /хөлс/ олгосны улмаас ажилтанд учирсан хохирлыг ажил олгогч бүрэн нөхөн төлнө.

9 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

9.1.Энэ хуулийг 2011 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ