Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

2020/03/18

ЭМГЭНЭЛ

          Дархан-Уул аймгийн ажил олгогч эздийн холбооны тэргүүн Ишжанцангийн Чинбат нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж Монголын Ажил Олгогч Эздийн Байгууллага болон ар гэр, үр хүүхдэд нь хүнд гарз тохиолдсонд эмгэнэн гашуудаж байна.

И. Чинбат нь 1961 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд Ишжанцангийн 2 дахь хүү болон мэндэлсэн.

И. Чинбат нь Дархан хотын Политехникум, Шихихутуг хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж бакалаврын боловсрол эзэмшсэн. И.Чинбат нь ХЗЭ, Монголын JICA, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гишүүн, Дархан-Уул аймгийн ажил олгогч эздийн холбооны тэргүүн зэрэг сонгуульт ажлуудад он удаан жил хариуцлагатай ажиллаж улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, хувийн хэвшлийг дэмжих үйлсэд үр бүтээлтэй ажиллаж ирсэн билээ.  

И. Чинбат нь ухамсарт бүхий л амьдралаа Дархан хот дахь ажил олгогч, эзэд, хувийн хэвшлийн салбарын эрх ашгийг хамгаалах, төлөөлөх, орон нутагт хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт харилцааг хөгжүүлэхийн төлөө эцсийн амьсгалаа хураах хүртлээ үнэнчээр зүтгэж ирсэн, шударга, төлөв төвшин, ажил олгогч эздийн байгууллагын манлайлагчдын нэг байсан билээ. 

И.Чинбатын хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлэн “Алтан гадас” одон, мөн “Ардын хувьсгал-90” жилийн ойн медаль, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дээд шагнал “Алтан тэмдэг”, “Тэргүүний ажил олгогч” цол,  Үйлдвэрчний эвлэлийн холбооны 80, 85 жилийн ойн медалиуд болон Засгийн газрын шагнал болох “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, ХАА, Хүнсний үйлдвэрийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнагдаж байлаа.

И. Чинбат нь монголын ажил олгогч эздийн байгууллагын орон нутгийн салбарыг он удаан жил тэргүүлэн ажилласан эздийн байгууллагын ахмад ажилтан байсан бөгөөд түүний улс орныхоо хувийн хэвшлийн хөгжилд оруулсан үнэт хувь нэмэр, ухаалаг, нийтэч, бүтээлч, хүмүүнлэг зан чанар нь бидний дунд  мөнхөд дурсагдан үлдэх болно.

 

МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ.

МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБОО.

 

2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр