Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны улсын хэлэлцээр

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны улсын хэлэлцээр

2019/07/22

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны улсын хэлэлцээр өчигдөр болж, өнөөдөр /2019.04.03/-ийн 12:00 цагт Төрийн ордонд гурван тал гарын үсэг зурлаа.

Тус хэлэлцээрт туссан гол заалтуудаас дурдвал:

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах асуудлын хүрээнд
• Үйлдвэржилтийг эдийн засгийн бодлоготой уялдуулан ажлын байрыг нэмэгдүүлнэ.
• Албан бус эдийн засагт ажиллагчдын хөдөлмөрийн суурь эрхийг баталгаажуулах асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд шийдвэрлэнэ.
• ”Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах хөтөлбөр”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2019-2020 оны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд нийгмийн түншлэгч талууд хамтран ажиллана.

Хөдөлмөрийн харилцааны асуудлын хүрээнд
• Ажиллах хүч, цалин хөлсний улсын үзлэгийг салбар бүрт зохион байгуулж, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтын ажлыг улсын хэмжээнд хийнэ.
• Төрийн албан хаагчдын цалинг 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс инфляцийн түвшингээс доошгүй нэмэгдүүлнэ. 
• Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагууд цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг хамтын гэрээ, хэлэлцээрээр шийдвэрлэж байна.
• Улсын хэмжээнд хөдөлмөрийн норм, нормативыг салбар бүрт шинэчлэх ажлыг түншлэгч талууд хамтран хэрэгжүүлнэ. 
• Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо, аймаг, дүүргийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ.
• Төр, төсвийн байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлын хувь хэмжээг төсвийн зардлын ангилалд оруулж, улсын төсөвт тусгаж хэрэгжүүлнэ.
• Улсын их хурал, Засгийн газраар шинээр батлах, батлагдсан хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, сурталчилах, дагалдан гарах журам, зааврыг боловсруулахад нийгмийн түншлэгч талуудаас санал авч, зөвшилцөн шийдвэрлэнэ.
• Төсөвт байгууллагуудын нэг удаагийн тэтгэмж, урамшууллын зардлыг нэмэгдүүлж төсөвт тусгана.
• Барилгын хуульд заасан барилгын ажил гүйцэтгэгч нь барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэх үүргийн хэрэгжилтийг сайжруулж, бие даан гүйцэтгэх ажлуудыг өөрийн ажилтнаар буюу хөдөлмөрийн гэрээ бүхий ажилтнаар гүйцэтгүүлэхийг гурван тал хамтарч хэрэгжилтийг хангуулж ажиллана.
• Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл, ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр уул уурхайн үйлдвэрлэл дагасан тээврийн компаниудыг гурван тал хамтарсан ажлын хэсэг байгуулж, үндэсний хороогоор хэлэлцүүлж, дүгнэлт, зөвлөмж гарган ажиллана. 
• Хөдөлмөрийн бүтээмжийг өрнүүлэх асуудлаар улсын хэмжээнд удирдамж гаргах, бүтээмжийн өсөлт, ур чадвар, мэргэжлийн зэрэгтэй уялдсан цалин хөлс нэмэх аргачлалыг шинэчлэн боловсруулах ажлыг нийгмийн түншлэлийн талууд хамтарч хэрэгжүүлнэ.

Нийгмийн хамгааллыг сайжруулах асуудлын хүрээнд
• Тэтгэвэр тогтоолгоход даатгуулагчийн сонгох дараалсан таван жилийг долоон жил болгосон, нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд 2 хувь болгосон шийдвэрийг нийгмийн түншлэлийн талууд судалж, санал боловсруулан УИХ-д хүргүүлнэ
• Ипотекийн зээлийн хүрээнд хямд өртөгтэй орон сууцтай болоход дэмжлэгүзүүлэх асуудлыг эдийн засаг, санхүүгийн болдлоготой уялдуулж хэрэгжүүлнэ.
• Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлнэ.
Ахмадын зориулалттай амралт, сувиллын үйлчилгээний чанар, хяналтыг сайжруулах, амьжиргааны түвшин доогуур орлого багатай ахмад настнуудыг хамруулах боломжийг бүрдүүлнэ.
• Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох ажил мэргэжлийн жагсаалтад холбогдох өөрчлөлт оруулах асуудлыг судалж шийдвэрлэнэ.