Хууль, эрх зүй
Хуулиуд
Хуулиуд
Санал авч буй хуулийн төслүүд
Ажил олгогч эздийн баримтлах ёс зүй
Эдийн засгийн хүрээнд
Нийгмийн даатгалын хүрээнд
Хөдөлмөрлөх эрхийг хүндэтгэх хүрээнд
Хүний эрхийг хүндэтгэх хүрээнд
Шударга өрсөлдөөнийг дэмжих хүрээнд
Авилга, хээл хахуулийн эсрэг
Байгаль орчныг хамгаалах хүрээнд
Нийгмийн түншлэлийн хүрээнд
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлын хүрээнд
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрүүд
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо Компаний тухай хууль

Компаний тухай хууль

2019/07/04

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

КОМПАНИЙН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэ хуулийн зорилт нь компани үүсгэн байгуулах, бүртгүүлэх, өөрчлөн байгуулах, компанийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын бүтэц, хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг тогтоох, компани татан буулгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

2.1.Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх компани өмчийн хэлбэр, эд хөрөнгийн болон үйлдвэрлэлийн хэмжээ, дотоод зохион байгуулалтаас үл хамааран энэ хуулийг дагаж мөрдөнө.

2.2.Банк, санхүү, даатгал, үнэт цаасны салбарт компани үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны онцлогтой холбогдсон харилцааг бусад хуулиар, нийтлэг харилцааг энэ хуулиар тус тус зохицуулна.

2.3.Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг хувьчлах замаар байгуулагдсан компанийн үйл ажиллагааг энэ хуулиар, түүнийг үүсгэн байгуулахтай холбогдсон харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулна.

2.4.Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанид төрийн болон орон нутгийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журмыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар, төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгох, гүйцэтгэх удирдлагыг томилох, төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороо, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга болон тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.

2.5.Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан өөрчлөн зохион байгуулах замаар үүссэн төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна.

2.6.Энэ хуулийн 2.5-д заасны дагуу үүссэн төрийн өмчит компанийн хувьд өмчлөгч нь төрийг төлөөлж Улсын Их Хурал, орон нутгийн өмчит компанийн хувьд тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байх бөгөөд тэдгээрийг төлөөлж хувьцаа эзэмшигч нь Засгийн газар болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас эрх олгосон этгээд байж болно.

2.7.Компаниас өөр хэлбэрийн ашгийн төлөө үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг байгуулахтай холбогдсон харилцаа, түүний үйл ажиллагааг бусад хуулиар зохицуулна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

КОМПАНИ, ТҮҮНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

3 дугаар зүйл.Компани, түүний хэлбэр

3.1.Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ.

3.2.Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй.

3.3.Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ.

3.4.Компани нь хязгаарлагдмал хариуцлагатай болон хувьцаат компани гэсэн хэлбэртэй байна.

3.5.Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ.

3.6.Хувьцаат компани нь нээлттэй болон хаалттай гэсэн төрөлтэй байна.

3.7.”Нээлттэй хувьцаат компани” гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, нийтэд чөлөөтэй арилжаалагддаг компанийг хэлнэ.

3.8.”Хаалттай хувьцаат компани” гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас гадуур зах зээлд хаалттай хүрээнд арилжаалагддаг компанийг хэлнэ.

3.9.Хөрөнгө оруулалтын сангийн тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь тусгай зориулалтын компани хэлбэртэй байна. Уг хэлбэрийн компанийн үйл ажиллагааны онцлогтой холбогдсон харилцааг Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар зохицуулах бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн зохицуулалт хамаарахгүй.

/Энэ хэсгийг 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн/

4 дүгээр зүйл.Хувьцаат компани

4.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн саналыг харгалзахгүйгээр өөрийн эзэмшиж байгаа хувьцаагаа чөлөөтэй захиран зарцуулах эрх эдэлнэ.

4.2.Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулан худалдахаас бусад хэлбэрээр шилжүүлсэн бол хувьцаа эзэмшигчийн бүртгэл хөтлөх этгээдэд бүртгүүлэх үүрэгтэй.

4.3.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол нээлттэй хувьцаат компани нь нээлттэй буюу хаалттай захиалгын үндсэн дээр хувьцаа болон бусад үнэт цаас гаргаж болно.

4.4.Нээлттэй хувьцаат компанийн хаалттай захиалгын үндсэн дээр нэмж гаргасан хувьцааг худалдан авагч нь түүнийг чөлөөтэй захиран зарцуулах эрх эдэлнэ.

4.5.Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчид тохиролцсоны үндсэн дээр хувьцаагаа захиран зарцуулах эрхээ харилцан хязгаарласан гэрээ байгуулж болно.

5 дугаар зүйл.Хязгаарлагдмал хариуцлагатай компани

5.1.Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн байгуулах үеийн хувьцаа эзэмшигчдийн тоо 50-аас дээшгүй байна.

/Энэ хэсэгт 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.2.Хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг зөвхөн хаалттай захиалгын үндсэн дээр гаргах бөгөөд бусад үнэт цаасыг нээлттэй болон хаалттай аль ч хэлбэрээр гаргаж болно.

/Энэ хэсэгт 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.3.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компанийн дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй.

5.4.Хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигч нь уг саналаа компанид мэдэгдэх бөгөөд энэ тухай компани нь бусад хувьцаа эзэмшигчид бичгээр мэдэгдэнэ.

5.5.Энэ хуулийн 5.4-т заасан мэдэгдэлд худалдах хувьцааны төрөл, тоо, худалдах үнэ, тэргүүн ээлжид худалдан авч болох хувьцааны тоо, худалдан авах хугацаа, журмыг тодорхойлсон байна.

5.6.Хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах хувьцаа эзэмшигч нь энэ шийдвэрээ тогтоосон хугацааны дотор бичгээр компанид мэдэгдэнэ.

5.7.Энэ хуулийн 5.6-д заасан мэдэгдэлд хувьцаа худалдан авагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, худалдан авах хувьцааны тоо зэргийг зааж, төлбөр хийсэн баримтыг хавсаргасан байна.

5.8.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн хувьцааг энэ хуулийн 5.3-т заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхээ бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хэрэгжүүлэх, эсхүл энэ эрхээ бүхэлд нь буюу зарим хэсгийг нь бусад хувьцаа эзэмшигчид шилжүүлэх эрхтэй.

5.9.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 5.З-т заасан эрхийг хувьцаа эзэмшигч тогтоосон хугацаанд бүрэн хэрэгжүүлээгүй тохиолдолд уг эрх компанид шилжих бөгөөд компани нь энэхүү эрхийг хэрэгжүүлэх эсэх тухай шийдвэрээ энэ хуулийн 5.4-т заасан мэдэгдэлд заасан хугацаа дууссанаас хойш ажлын таван өдрийн дотор гаргана.

5.10.Энэ хуулийн 5.3, 5.9-д заасан этгээд тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигч нь энэ хуулийн 5.4-т заасан мэдэгдэлд зааснаас багагүй үнээр гуравдагч этгээдэд худалдах эрхтэй.

5.11.Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн талаарх бүх мэдээллийг авах, санхүүгийн болон бусад баримт бичигтэй танилцах эрхтэй.

6 дугаар зүйл.Хараат болон охин компани, компанийн нэгдэл

6.1.Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 20-50 хувийг өөр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа тохиолдолд уг компанийг хараат компани гэнэ.

6.2.Хараат компани нь бие даасан тайлан баланс гаргадаг хуулийн этгээд байна.

6.3.Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 50-аас дээш хувийг өөр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг бие даасан компанийг охин компани гэнэ.

6.4.Охин компани нь санхүүгийн тайлангаа тусдаа гаргах ба толгой компани нь охин компанитайгаа нэгдсэн санхүүгийн тайлан гаргана.

6.5.Хараат болон охин компани нь толгой компанийнхаа өрийг хариуцахгүй бөгөөд хууль болон тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол толгой компани нь хараат болон охин компанийнхаа өрийг хариуцахгүй.

6.6.Толгой компанийн гаргасан шийдвэрийн улмаас охин компани төлбөрийн чадваргүй болсон бол толгой компани нь тухайн өрийг хамтран хариуцна.

6.7.Охин компанийн хүлээсэн алдагдал нь толгой компанийн гаргасан шийдвэрээс шалтгаалсан гэж үзвэл охин компанийн хувьцаа эзэмшигч алдагдлын улмаас охин компанид учирсан хохирлыг толгой компаниар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

6.8.Толгой компани нь гуравдагч компанийн хараат болон охин компани бол түүний хараат болон охин компани нь гуравдагч компанийн хувьд мөн хараат болон охин компани болох бөгөөд энэ зарчмыг үүнээс ч илүү үргэлжилсэн хэлхээ холбоонд ашиглан хамаарлыг тогтооно.

6.9.Хараат болон охин компани нь толгой компанийн хувьцааг эзэмшиж болно.

6.10.Энэ хуулийн 6.9-д заасны дагуу охин компанийн эзэмшиж байгаа толгой компанийн хувьцаа нь саналын эрхгүй бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийг тооцохдоо охин компанийн эзэмшиж байгаа хувьцааг хасч тооцно.

6.11.Энэ хуулийн 6.9-д заасны дагуу эзэмшиж байгаа хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлсэн тохиолдолд уг этгээдэд хувьцаа эзэмшигчийн бүх эрх шилжинэ.

6.12.Толгой компани нь үйл ажиллагаагаа уялдуулах зорилгоор байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс бусад тохиолдолд хараат болон охин компанийн үйл ажиллагаанд зөвхөн эзэмшиж байгаа хувьцааныхаа эрхээр оролцоно.

6.13.Төр болон бусад хуулийн этгээд аливаа компанид хөрөнгө оруулсныхаа төлөө эзэмшиж байгаа хувьцааныхаа эрхээ хэрэгжүүлэхдээ дүрэмдээ заасан эрх бүхий этгээдээс томилсон төлөөлөгчөөр дамжуулан төлөөллөө хэрэгжүүлэх бөгөөд энэхүү төлөөлөгч нь уг төлөөллийг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль болон тухайн компанийн дүрэмд заасан эрх бүхий этгээдээс өгсөн удирдамжийг үндэслэх ба энэхүү удирдамжаас өөрөөр санал гаргасан нь түүнийг энэхүү төлөөллийг хэрэгжүүлэх эрхээс чөлөөлөх үндэслэл болно.

/Энэ хэсэгт 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.14.Толгой компани, түүнтэй энэ хуулийн 6.1, 6.3, 6.8-д заасан хамаарал бүхий компаниуд, нэг этгээд дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран хувьцааных нь хяналтын багцыг эзэмшдэг, эсхүл компанийн удирдлагын шийдвэрийг нь тодорхойлох боломжтой компаниудыг компанийн нэгдэл гэнэ.

/Энэ хэсгийн дугаарт 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.15.Нэг толгой компанийн хараат болон охин компаниуд, эсхүл нэг этгээд дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран хувьцааных нь хяналтын багцыг эзэмшдэг компаниудыг зэргэлдээ компани гэнэ.

/Энэ хэсгийн дугаарт 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.16.Компанийн нэгдэлд хамаарагдаж байгаа компани нь толгой компани, эсхүл хараат болон охин компани, зэргэлдээ компани аль нь болохоос үл хамааран түүнийг нэгдлийн оролцогч компани гэнэ.

/Энэ хэсгийн дугаарт 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7 дугаар зүйл.Компанийн салбар, төлөөлөгчийн газар

7.1.Компанийн салбар нь компанийн оршин байгаа газраас өөр газар байрладаг нэгж бөгөөд компанийн үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь, түүнчлэн төлөөлөгчийн газрын үүргийг гүйцэтгэж болно.

7.2.Компанийн төлөөлөгчийн газар нь компанийн оршин байгаа газраас өөр газар байрладаг нэгж бөгөөд компанийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, компанийн нэрийн өмнөөс хэлцэл хийх зэрэг эрх зүйн төлөөллийн үйл ажиллагаа явуулна.

7.3.Компани нь Монгол Улсад болон гадаад улсад өөрийн салбар, төлөөлөгчийн газартай байж болно.

7.4.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компанийн салбар, төлөөлөгчийн газар байгуулах тухай шийдвэрийг компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ гаргана.

7.5.Гадаад улсын хуулийн этгээдийн Монгол Улсад оршин байгаа салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэх байгууллагад бүртгүүлнэ.

7.6.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаад улсад компанийн салбар, төлөөлөгчийн газар байгуулах асуудлыг тухайн улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

7.7.Компанийн салбар, төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй бөгөөд түүнийг байгуулсан компаниас баталсан журмын дагуу үйл ажиллагаагаа эрхлэн явуулна.

7.8.Компанийн салбар, төлөөлөгчийн газрын эд хөрөнгийг түүнийг байгуулсан компанийн балансад тусгана.

7.9.Компанийн салбар, төлөөлөгчийн газар нь үйл ажиллагаагаа түүнийг байгуулсан компанийн нэрийн өмнөөс явуулна.

7.10.Компани нь өөрийн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанаас үүсэх үр дагаврыг хариуцна.

7.11.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдлагыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ томилох бөгөөд тэдгээр нь компаниас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулна.

8 дугаар зүйл.Компанийн үйл ажиллагааны чиглэл, байгуулах хугацаа

8.1.Компани нь хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлж болох бөгөөд компани нь үйл ажиллагаагаа эрхлэхэд шаардагдах эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

8.2.Компани эрхлэх үйл ажиллагааныхаа хүрээг дүрмээрээ хязгаарлаж болно.

8.3.Энэ хуулийн 8.2-т заасны дагуу компани эрхлэх үйл ажиллагааныхаа хүрээг хязгаарласан нь уг хязгаарлалтыг мэдэхгүйгээр хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа гуравдагч этгээдийн өмнө уг компанийн хүлээсэн үүргээ биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

8.4.Компани нь тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг хуульд заасны дагуу холбогдох эрх бүхий байгууллагын бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.

8.5.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компанийг тодорхой бус хугацаагаар үүсгэн байгуулна.

9 дүгээр зүйл.Компанийн болон хувьцаа эзэмшигчийн хариуцлага

9.1.Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ.

9.2.Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй.

9.3.Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ.

9.4.Дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигч болон компанийн үйл ажиллагааг бусад хэлбэрээр тодорхойлох эрх бүхий этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээд өөрийн хөрөнгөөр компанийн өмнө хариуцна.

9.5.Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна.

10 дугаар зүйл.Компанийн оноосон нэр, оршин байгаа газар

10.1.Компани оноосон нэртэй байх бөгөөд түүнийг хэрэглэх тохиолдол бүрд уг нэрийн ард компанийн хэлбэрийг тодорхойлсон хувьцаат компани буюу "ХК", хязгаарлагдмал хариуцлагатай компани буюу "ХХК" гэсэн ялгах тэмдэглэгээ заасан байна.

10.2.Компанийн оноосон нэр нь бусад компани, өөр хуулийн этгээдийн оноосон нэртэй давхардаагүй байх бөгөөд компани оноосон нэрээ бүртгэх байгууллагад бүртгүүлснээр түүнийг хэрэглэх онцгой эрхтэй болно.

10.3.Компани нь бүртгэх байгууллагад бүртгэгдсэн өөрийн бэлгэдэл болон барааны тэмдэгтэй байж болно.

10.4.Компанийн оршин байгаа газар, шуудангийн хаягийг түүний ерөнхий захиргаа байршин байгаа газраар тодорхойлно.

10.5.Компанийн хаягийн өөрчлөлтийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгэх байгууллагад бүртгүүлнэ.

Энд дарж үргэжлэлийг үзнэ үү.