Хууль, эрх зүй
Хуулиуд
Хуулиуд
Санал авч буй хуулийн төслүүд
Ажил олгогч эздийн баримтлах ёс зүй
Эдийн засгийн хүрээнд
Нийгмийн даатгалын хүрээнд
Хөдөлмөрлөх эрхийг хүндэтгэх хүрээнд
Хүний эрхийг хүндэтгэх хүрээнд
Шударга өрсөлдөөнийг дэмжих хүрээнд
Авилга, хээл хахуулийн эсрэг
Байгаль орчныг хамгаалах хүрээнд
Нийгмийн түншлэлийн хүрээнд
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлын хүрээнд
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрүүд
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль

2019/07/04
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын удирдлага, хяналтын тогтолцоо, ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж

2.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг;

3.1.2.“хөдөлмөрийн аюулгүй байдал” гэж хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадварт үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь эрүүл ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй байхыг;

3.1.3.“хөдөлмөрийн эрүүл ахуй” гэж хөдөлмөрлөх явцад хими, физик, биологийн хүчин зүйлээс шалтгаалан хүний бие махбодь, мэдрэл сэтгэхүйд өөрчлөлт орж өвчлөх, хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг; 

3.1.4.“хөдөлмөрийн нөхцөл” гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчныг;

3.1.5.“үйлдвэрлэлийн хортой хүчин зүйл” гэж хүний эрүүл мэндэд нөлөөлж өвчлүүлэх, сэтгэхүйд өөрчлөлт оруулах, хөдөлмөрлөх чадварыг бууруулах, мэргэжлийн өвчин бий болгох уршиг бүхий үйлдвэрлэлийн хүчин зүйлийг;

3.1.6.“үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйл” гэж ажлын ээлжийн хугацаанд хурц хордлого, үйлдвэрлэлийн осолд хүргэх, хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах хүчин зүйлийг;

3.1.7. ”ажлын байран дахь эрсдэл” гэж иргэнийг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчинд хүргэж болзошгүй ажлын байрны нөхцөлийг;

3.1.8.”эрсдэлийн үнэлгээ” гэж ажлын байрны эрсдэлд үнэлэлт өгөх үйл явцыг;

3.1.9. ”ажлын байр” гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг;

3.1.10.”хурц хордлого” гэж цацраг болон биологийн идэвхт бодис, химийн хорт бодисын нөлөөгөөр хурц, цочмог хэлбэрээр богино хугацаанд хордохыг;

3.1.11.“тусгай хувцас” гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах зориулалт бүхий хувцас, гутал, малгай, бээлий зэрэг хэрэгслийг;

3.1.12.”нэг бүрийн хамгаалах хэрэгсэл” гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтныг хамгаалах зориулалт бүхий хэрэгслийг;

3.1.13.“хамтын хамгаалах хэрэгсэл” гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хоёр ба түүнээс дээш тооны ажилтныг нэгэн зэрэг хамгаалах зориулалт бүхий хэрэгслийг;

3.1.14.”хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо” гэж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи бодлого, зорилтыг тодорхойлох, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, манлайлах, хяналт тавих, үнэлгээ хийх харилцан холбоо бүхий удирдлагын үйл ажиллагааны цогцыг;

/Энэ заалтад 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.15.”ахуйн байр” гэж иргэн, ажилтны хөдөлмөрлөх хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн, тусгайлан төхөөрөмжилсөн хувцас солих, түр амрах, хооллох, бие засах, усанд орох, дулаацах зэрэг зориулалтын өрөө тасалгааг;

3.1.16.“үйлдвэрлэлийн ажлын байрыг хөдөлмөрийн нөхцөлөөр аттестатчилах” гэж гүйцэтгэж буй ажлын аюултай, хортой, хүнд, ачаалалтай байдал нь хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөлийн хэм хэмжээнд нийцэж байгаад үнэлгээ өгөхийг

3.1.17.“хөдөлмөрийн аюулгүй нөхцөл” гэж ажилтанд нөлөөлөх үйлдвэрлэлийн хортой ба аюултай хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь хөдөлмөрийн аюулгүй байдлын тогтоосон хэм хэмжээнээс хэтрээгүй байхыг; 

3.1.18.”үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдал” гэж зураг төсөл, техникийн баримт бичигт заасан нөхцөлийн дагуу тоног төхөөрөмжийг ажиллуулахад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байхыг;

3.1.19.“хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт” гэж хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар эрх бүхий байгууллагаас тогтоосон хэм хэмжээг. 

3.1.20.“үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг;

/Энэ заалтыг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

3.1.21.“үйлдвэрлэлийн орчин” гэж аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг;

 /Энэ заалтыг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

3.1.22.“эрсдэлийн түвшин их ажлын байр” гэж хөдөлмөрлөх явцад ажилтанд учирч болзошгүй аюултай хүчин зүйлийн магадлал нь зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байхыг.

/Энэ заалтыг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

4.1. Энэ хууль нь ажил, хөдөлмөр эрхэлж буй дараахь этгээдэд үйлчилнэ:

4.1.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан ажил олгогч, ажилтан;

4.1.2. хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн;

4.1.3.иргэд хоорондын гэрээгээр ажиллагчид;

4.1.4. аж ахуйн нэгж, байгууллагад үйлдвэрлэлийн дадлага хийж байгаа их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч, цэргийн сургуулийн сонсогч;

4.1.5. хугацаат ба цэргийн гэрээт алба хаагч, дайчилгааны сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн;

/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.6. хоршоо, нөхөрлөлийн гишүүд;

4.1.7. ял эдэлж байгаа хоригдол;

4.1.8.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллагад ажилладаг Монгол Улсын иргэн, гадаадын болон харьяалалгүй иргэн.

4.1.9. хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр болон бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн.

5 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар төрөөс баримтлах бодлого, зарчим

5.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн бодлогын үндэс нь хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг бүх талаар хамгаалахад чиглэгдэнэ.

5.2.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:

5.2.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи хэм хэмжээний шаардлага нэгдмэл байх;

5.2.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хэрэгжүүлэх байнгын хяналтын тогтолцоог хангах;

5.2.3.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдээллийн ил тод, үнэн бодит байдлыг хангах;

5.2.4.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлийг бүрдүүлсэн байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт

6 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт

6.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хууль тогтоомжоор тогтоох бөгөөд хөдөлмөрлөх үйл ажиллагааны явцад хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн, нэгдмэл байна.

6.2.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт боловсруулах, батлуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулж, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн стандартын асуудал эрхэлсэн байгууллага холбогдох хуулийн дагуу батална.

/Энэ хэсгийг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7 дугаар зүйл. Үйлдвэрлэлийн орчин, барилга байгууламжид тавих шаардлага

/Энэ зүйлийн дугаарт 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

7.1.Үйлдвэрлэлийн барилга байгууламжийг барьж байгуулах, өргөтгөх, шинэчлэх, машин техник, тоног төхөөрөмж угсрах, суурилуулах, туршилт, засвар хийх үйлчилгээ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байна.

7.2./Энэ хэсгийг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.2.Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан байна.

/Энэ хэсгийг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

8 дугаар зүйл. Үйлдвэрлэлийн барилга байгууламжийг болон үндсэн, суурин тоног төхөөрөмж, хэрэгслийг хамтран эзэмших, ашиглахад тавих шаардлага

/Энэ зүйлийн дугаарт 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.1.Үйлдвэрлэлийн барилга байгууламжийг болон үндсэн, суурин тоног төхөөрөмж, хэрэгслийг хоёр буюу түүнээс дээш ажил олгогч хамтран эзэмших, эсхүл ашиглаж байгаа бол эзэмшигч, ашиглагч дараахь шаардлагыг хангах үүрэгтэй:

/Энэ хэсэгт 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.1.1.эзэмшигч, ашиглагч нь үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах талаар журам тогтоон мөрдөж ажиллах; 

8.1.2.үйлдвэрлэлийн явцад химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодисыг хэрэглэж буй эзэмшигч, ашиглагч нь энэ тухай харилцан бие биедээ мэдээлж, аюулгүй байдлыг хангах нэгдсэн арга хэмжээ авах;

8.1.3.энэ хуулийн 8.1.2-т заасны дагуу мэдээлээгүйн улмаас учирсан хохирлыг буруутай тал нь хариуцах.

8.2. Энэ хуулийн 8.1.1-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд үйлдвэрлэлийн барилга байгууламжийг хамтран эзэмшихийг хориглоно.

9 дүгээр зүйл. Машин механизм, тоног төхөөрөмжид тавих шаардлага

9.1.Үйлдвэрлэлийн зориулалттай, хүний эрүүл мэндэд аюул учруулж болох машин механизм, тоног төхөөрөмжийн талаар ажил олгогч нь дараахь шаардлагыг хангасан байна:

9.1.1. машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг (ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл) нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх;

9.1.2. машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх;

9.1.3 машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх;

9.1.4 машин механизм, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасан хугацаанд тогтмол хийж байх.

9.2.Машин механизм, тоног төхөөрөмжийг бусдад шилжүүлэхдээ ашиглалтын паспорт, гэрчилгээний хамт шилжүүлнэ.

9.3.Цахилгааны тоног төхөөрөмж нь удирдлага, дохиолол, хаалт, хамгаалалттай, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх хэрэгслээр тоноглогдсон байна.

9.4.Цахилгааны тоног төхөөрөмж нь зураг төслийн дагуу угсрагдсан, газардуулга, газардуулгын даацын баталгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, цахилгаан ашиглалтын аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагыг хангасан байна.

9.5.Энэ хуулийн 9.1-9.4-т заасан шаардлагыг хангаагүй машин механизм, тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглоно.

10 дугаар зүйл. Өргөх, зөөх, тээвэрлэх механизмд тавих шаардлага

10.1.Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна.

10.2.Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадлагаа хийлгэж, зохих зөвшөөрлийг авсан байна.

10.3.Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд засвар үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллага тодорхой хугацаанд хийж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулна.

/Энэ заалтыг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

10.4.Энэ хуулийн 10.1, 10.2, 10.3-т заасан шаардлага хангагдсан байх нөхцөлийг ажил олгогч хангасан байна.

11 дүгээр зүйл. Даралтат сав, шугам хоолойд тавигдах шаардлага

11.1. Даралтат сав, шугам хоолой нь дараахь шаардлагыг хангасан байна:

11.1.1. даралтат сав, шугам хоолойд зохих журмын дагуу туршилт, тохируулга, баталгаажуулалт хийлгэж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ашиглах зөвшөөрөл авсан байх;

11.1.2. даралтат сав, шугам хоолойг аюулгүй ашиглах, удаан хугацаагаар зогсоох болон хадгалах үеийн ашиглалтын журамтай байх;

11.1.3. даралтат сав, шугам хоолойг зориулалтын ялгагдах таних тэмдэг, ослоос урьдчилан сэргийлэх дохиоллын болон хамгаалалтын хэрэгслээр тоноглосон байх.

12 дугаар зүйл. Химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодистой харьцахад тавих шаардлага

12.1.Ажил олгогч нь химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодис, түүний нөлөөллөөс ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.

12.2.Ажил олгогч нь үйлдвэрлэлийн явцад хэрэглэж байгаа химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодисын талаар тэмдэглэл хөтөлж, эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн хяналтын болон холбогдох мэргэжлийн байгууллагад мэдээлнэ.

12.3.Химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодистой харьцан ажиллагч нь тухайн бодисын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэг, дадлагатай байна.

12.4.Химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодис хэрэглэх, харьцах аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд тавигдах бусад шаардлагыг холбогдох хуулиар зохицуулна.

12.5.Химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодисын хэрэглээтэй холбоотой осол, хурц хордлого гарсан тохиолдолд үйлдвэрлэлийн ослын нэгэн адил судлан бүртгэнэ.

13 дугаар зүйл. Галын аюулгүй байдалд тавих шаардлага

13.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь галын аюулаас урьдчилан сэргийлэх болон гал унтраах дүрэм, журам, стандартыг хангаж ажиллах үүрэг хүлээнэ.

13.2.Галын дохиолол болон гал унтраах тусгай тоноглол, гарц, орцын зураглалыг гал гарч болзошгүй ажлын байр бүрт байрлуулан, тэдгээрийг тогтмол ажиллагаатай байлгаж, ажилтныг уг тоноглолыг ашиглаж сургасан байна.

13.3.Галын аюулгүй байдлыг хангах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг, хариуцлагыг Галын аюулгүй байдлын тухай3, Зөрчлийн тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14 дүгээр зүйл. Эрүүл мэндийн үзлэг

14.1.Ажил олгогч нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу үйлдвэрлэл, ажил, үйлчилгээтэй холбоотой, зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгт ажилтныг хамруулна. 

14.2.Энэ хуулийн 14.1-д заасны дагуу эрүүл мэндийн үзлэг хийлгэхэд шаардагдах зардлыг ажил олгогч хариуцна.

14.3.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд гүйцэтгэж буй тухайн ажил, хөдөлмөрт шаардлагатай бол эмнэлгийн үзлэгт орсон байна.

14.4.Ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

15 дугаар зүйл. Ажилтныг ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах

15.1.Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт

тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй.

15.2. Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг турших, худалдаж авах, хадгалах, угааж цэвэрлэх, засварлах, ариутгах зардлыг ажил олгогч хариуцна.

15.3. Ажил олгогч нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн нэр, төрөл, эдэлгээний хугацаа бүхий жагсаалтыг баталж мөрдүүлнэ.

15.4. Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн чанарын талаар мэргэжлийн байгууллагаар ажил олгогч дүгнэлт гаргуулсан байна. Олон улсын стандартын дагуу үйлдвэрлэсэн, чанарын баталгаа бүхий ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлд энэ заалт хамаарахгүй.

Энд дарж үргэжлэлийг үзнэ үү.