Хууль, эрх зүй
Хуулиуд
Хуулиуд
Санал авч буй хуулийн төслүүд
Ажил олгогч эздийн баримтлах ёс зүй
Эдийн засгийн хүрээнд
Нийгмийн даатгалын хүрээнд
Хөдөлмөрлөх эрхийг хүндэтгэх хүрээнд
Хүний эрхийг хүндэтгэх хүрээнд
Шударга өрсөлдөөнийг дэмжих хүрээнд
Авилга, хээл хахуулийн эсрэг
Байгаль орчныг хамгаалах хүрээнд
Нийгмийн түншлэлийн хүрээнд
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлын хүрээнд
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрүүд
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль

2019/07/04

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2009 оны 2 дугаар сарын 13-ны өдөр                                                                                                                Улаанбаатар хот 

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь мэргэжлийн боловсрол, сургалтын агуулга, зорилго, бүтэц, түүний удирдлага, зохион байгуулалтыг тодорхойлж, иргэнд мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн захиалгад нийцүүлэн зохион байгуулах, энэ үйл ажиллагаанд оролцогчийн эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомж

2.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1. Энэ хууль нь өмчийн аль ч хэлбэрт түшиглэн мэргэжлийн боловсрол, сургалтыг зохион байгуулах хуулийн этгээдэд хамаарна.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“мэргэжил” гэж тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадлын цогцыг;

4.1.2.“мэргэжлийн боловсрол” гэж тодорхой мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэх хэрэгцээнд нийцүүлж зохион байгуулалттай сургалтаар эзэмшүүлсэн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соёлын төлөвшлийг;

4.1.3.“техникийн боловсрол” гэж техник, технологийн үйл ажиллагааг гүйцэтгэх, удирдах хэрэгцээнд нийцүүлж зохион байгуулалттай сургалтаар эзэмшүүлсэн үйлдвэрлэл, техник, технологийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соёлын төлөвшлийг;

4.1.4.“мэргэжлийн сургалт” гэж тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх, давтан сургах, дадлагажуулах, хөдөлмөрийн болон харилцааны соёл төлөвшүүлэх, аж ахуй эрхлэх мэдлэг олгох үйл ажиллагааг;

4.1.5.“мэргэшил” гэж тодорхой мэргэжлийн хүрээнд ажил гүйцэтгэхэд шаардагдах мэргэжлийн мэдлэг, чадвар, дадлын түвшинг;

4.1.6.“мэргэжлийн суурь чадвар” гэж нийгмийн харилцаанд оролцоход шаардагдах мэдлэг, чадвар, төлөвшлийг;

4.1.7.“мэргэжлийн үндсэн чадвар” гэж аливаа ажил үүрэг бие даан гүйцэтгэх, ажиллах, өөрчлөлтөд зохицон өсөж хөгжих чадварыг;

4.1.8.“модуль” гэж тодорхой ажил, мэргэжлийн чадамж эзэмшүүлэхэд чиглэсэн харилцан уялдаа бүхий сургалтын нэгж ажилбарыг.

4.1.9.“мэргэшлийн түвшин” гэж ажилтны эзэмших мэдлэг, чадвар, гүйцэтгэх ажил, үүргийн төлөвшил, хариуцлага, хандлагын хүрээг стандартаар тодорхойлсон мэргэшлийн шатлалыг.

/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

4.1.10.“чадамж” гэж хөдөлмөрийн орчинд ажил олгогчийн зүгээс тавих мэргэжлийн шаардлагыг биелүүлэх түвшинд суралцагчийн эзэмшсэн байвал зохих мэдлэг, чадвар, дадал, хөдөлмөрийн соёлын төлөвшлийг;

/Энэ заалтыг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн/

4.1.11.“чадамжийн сан” гэж ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолт, ажил мэргэжлийн лавлахад нийцүүлэн бүрдүүлсэн тухайн мэргэжилд хамаарах ажилбарын жагсаалт, сургалтын хөтөлбөрийн агуулгыг багтаасан нэгдсэн мэдээллийг.

/Энэ заалтыг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн/

4.2.Мэргэжлийн болон техникийн боловсрол олгох сургалт, түүнчлэн энэ хуулийн 4.1.4-т заасан үйл ажиллагааг хамтад нь мэргэжлийн боловсрол, сургалт гэж ойлгоно.

5 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын зорилго

5.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын зорилго нь иргэний авьяас, сонирхол, хөдөлмөр эрхлэх хэрэгцээнд тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн мэргэжлийн ур чадвар, боловсрол эзэмшүүлэх, мэргэшлийг дээшлүүлэх, хөдөлмөрийн болон харилцааны соёл төлөвшүүлэхэд оршино.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Мэргэжлийн боловсрол, сургалтын удирдлага, зохион байгуулалт

/Энэ бүлгийн гарчигт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хуулиар нэмэлт оруулсан/

6 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын Yндэсний зөвлөл

6.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын Yндэсний зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) нь мэргэжлийн боловсрол, сургалтын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн тэнцүү оролцоог хангаж, тогтвортой ажиллах баталгааг бүрдүүлсэн орон тооны бус байгууллага мөн.

6.2.Энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөл мэргэжлийн боловсрол, сургалтын дээд удирдлагыг хэрэгжүүлнэ.

6.3.Зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.3.1.мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх урт, дунд болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг хэлэлцэж дүгнэлт гаргах

6.3.2.ажиллах хүчний талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ажил олгогчид, яамдын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

/Энэ заалтыг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.3.3.мэргэжлийн боловсрол, сургалттай холбогдолтой хууль тогтоомжийн хэрэгжилт, мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог хөгжүүлэх талаар мэдээлэл, илтгэл хэлэлцэх, тогтоол, зөвлөмж гаргах, чиглэл өгөх;

/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

6.3.4.улсын хэмжээнд мөрдөх ажил, мэргэжлийн үндэсний ангилал, тодорхойлолт, мэргэжлийн стандарт, мэргэжлийн боловсрол, сургалтын агуулгыг хэлэлцэж дүгнэлт гаргах;

/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.3.5.мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих;

6.3.6.мэргэжлийн боловсрол, сургалттай холбогдолтой олон улсын гэрээ, конвенцид Монгол Улс нэгдэн орох асуудлыг судалж, санал гаргах;

6.3.7.гаргасан шийдвэр, зөвлөмжийнхээ хэрэгжилтэд хяналт тавих.

6.3.8.ажил олгогч болон салбар зөвлөлийн хамтарсан дүгнэлтийг үндэслэн мэргэшлийн түвшний хүрээ, ажил мэргэжлийн лавлах батлах.

/Энэ заалтыг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн/

6.4.Зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална.

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.5.Зөвлөлийн бүрэлдэхүүн дэх хувийн хэвшлийн төлөөллийг ажил олгогчид болон Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын нэгдсэн хурлаас сонгоно. 

6.6.Зөвлөлийн дүрмийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6.7.Зөвлөл ажлаа Засгийн газарт тайлагнана.

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

61 дүгээр зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо

/Энэ зүйлийн гарчигт 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

61.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо нь зөвлөл, мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, үнэлгээ, мэдээллийн болон бүсийн арга зүйн төв, сургалтын байгууллагаас бүрдэнэ.

/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ зүйлийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

7 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

7.1.Боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн, түүнчлэн бусад төрийн захиргааны төв байгууллага хуулиар тогтоосон эрхлэх асуудлын чиглэлээр энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөлийг бодлогоор дэмжиж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.

8 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний бүрэн эрх
/Энэ зүйлийн гарчигт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хуулиар нэмэлт оруулсан/

8.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх төрийн бодлого, Засгийн газрын болон энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөлийн шийдвэрийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8.2./Энэ хэсгийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

8.3.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөлийн ажлын албаны үүргийг гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.4.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.4.1.мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх чиглэлээр ойрын болон хэтийн төлөвлөгөө, дүрэм, журам, заавар, үзэл баримтлал, үндсэн чиглэл, хөтөлбөр, төслийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх;

/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8.4.2.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах;

8.4.3.мэргэжлийн болон техникийн боловсролын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн төлөвлөх;

8.4.4.төрийн өмчийн болон төрийн өмчийн бус мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхлэх, өөрчлөх, үйл ажиллагааг нь зогсоох, татан буулгах талаар дүгнэлт гаргах;

/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.4.5.хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг судлах, сурталчлах, энэ чиглэлээр холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах; 

8.4.6.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын хүний нөөц, суралцагчдын нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтэд зохицуулалт хийх;

8.4.7.сургалт-үйлдвэрлэл, үйлдвэрлэл-сургалтын явцад шинэ технологи, шинжлэх ухаан, техникийн ололт, дэвшлийг нэвтрүүлэх арга хэмжээ авах;

8.4.8.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах, дүн шинжилгээ хийх, ангиллыг тогтоох; 

8.4.9.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг аттестатчилах, багшид мэргэжлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах;

8.4.10.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын агуулгыг тогтоох, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг батлах, дадлагын сургалтын үйл ажиллагааг зохицуулах баримт бичгийг батлах;

/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.4.11.мэргэжлийн ур чадварыг үнэлэх, шалгах, баталгаажуулах хөндлөнгийн шалгалт зохион байгуулах;

8.4.12.мэргэжлийн боловсрол, сургалтын талаархи статистик болон бусад мэдээллийн нэгдсэн тогтолцоо, сан бүрдүүлэх, хөтлөх;

8.4.13.төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх, ажлын байрын тодорхойлолтыг батлах;

/Энэ заалтад 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хуулиар нэмэлт оруулсан/

8.4.14.төрийн өмчийн болон төрийн өмчийн бус мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах;

8.4.15.мэргэжлийн болон техникийн боловсролын асуудлаар шаардлагатай мэдээ тайлан, тооцоо судалгааг төрийн болон төрийн бус байгууллага, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах;

8.4.16.мэргэжлийн болон техникийн боловсролын асуудлаар олон улсын гэрээ, конвенци, хэлэлцээрээр Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх, зохицуулах;

8.4.17.мэргэжлийн болон техникийн боловсролын чиглэлээр хийгдэх төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар хариуцуулан гүйцэтгүүлэх талаар судлах, санал боловсруулах;

8.4.18.энэ хуулийн 8.4.17-д заасан чиглэлээр хийгдсэн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, дүгнэлт гаргах;

8.4.19.мэргэжлийн сургалтын сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулах;

8.4.20.мэргэжлийн байгууллага, нийгэмлэг, холбоодын оролцоотойгоор ажил, мэргэжил, ур чадварын стандарт боловсруулах, модулийн сан, тестийн сан бүрдүүлэх, мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөрийн шаардлагыг хангасан иргэдэд мэргэжлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах. 

8.4.21.мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог бүрдүүлэх, үйл ажиллагааг нь зохион байгуулах;

/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

8.4.22.мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээллийн төвийн болон бүсийн арга зүйн төвийн бүтэц, орон тоо, дүрмийг баталж, менежерийг томилох, чөлөөлөх;

/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.4.23.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг аттестатчилах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах.

/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

8.5.Мэргэжлийн боловсрол, сургалтын бүсийн арга зүйн төв нь мэргэжлийн боловсрол, сургалтын агуулгын хэрэгжилтийг хангах, чадамжийн сан бүрдүүлэх, багшийг чадваржуулах, хөгжүүлэх, сургалт, судалгаа эрхлэх чиг үүрэгтэй байна.

/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

8.6.Энэ хуулийн 8.4.9, 8.4.10, 8.4.11, 8.4.12, 8.4.19, 8.4.20-д заасан бүрэн эрхийг үнэлгээ, мэдээллийн болон бүсийн арга зүйн төв хэрэгжүүлж болно.

/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн/

Энд дарж үргэжлэлийг үзнэ үү.