Хууль, эрх зүй
Хуулиуд
Хуулиуд
Санал авч буй хуулийн төслүүд
Ажил олгогч эздийн баримтлах ёс зүй
Эдийн засгийн хүрээнд
Нийгмийн даатгалын хүрээнд
Хөдөлмөрлөх эрхийг хүндэтгэх хүрээнд
Хүний эрхийг хүндэтгэх хүрээнд
Шударга өрсөлдөөнийг дэмжих хүрээнд
Авилга, хээл хахуулийн эсрэг
Байгаль орчныг хамгаалах хүрээнд
Нийгмийн түншлэлийн хүрээнд
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлын хүрээнд
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрүүд
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль

2019/04/25

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 6 дугаар сарын 17-ны өдөр                                                                                                              Улаанбаатар хот 

  ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж, түүний төрөл, хэлбэр, хамрах хүрээ, санхүүжилт, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын тогтолцоотой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль тогтоомж

2.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай, Нийгмийн даатгалын тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай, Нийгмийн халамжийн тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“ажил хайгч” гэж ажилгүй, ажилтай боловч ажлын нөхцөлөө сайжруулах, нэмэлт орлого олох зорилгоор ажил хайж, хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн болон хандсан иргэнийг;

3.1.2.“ажилгүй иргэн” г‎эж ажилгүй, ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэнийг;

3.1.3.“ажилгүй” гэж Төрийн албаны тухай хуульд заасан төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаагүй, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ, контракт, Иргэний хуулийн[8] 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах гэрээгээр ажил гүйцэтгээгүй, хувиараа ажил, үйлчилгээ эрхлээгүй байхыг;

3.1.4.“ажил хийхэд бэлэн” гэж Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ, контракт, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах гэрээ байгуулахаас татгалзахгүй байхыг;

3.1.5.“ажил идэвхтэй хайж байгаа” гэж аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага, хөдөлмөрийн биржид бүртгүүлж ажлын байрны талаар мэдээлэл авах, ажлын зар, цахим хуудсаар ажил олгогчид хандах, нийтийн үйлчилгээний газрын мэдээллийн самбар, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зар тавих зэрэг ажил олох оролдлого хийснийг;

/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3.1.6.“ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн” гэж хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл авсан, эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өөрчлөх шаардлагатай болсон, эрхэлж байсан хувийн аж ахуй нь эрсдэлд орсны улмаас сэргээх боломжгүй болсон тухайгаа аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага, хөдөлмөрийн биржид мэдэгдэж, бүртгүүлсэн иргэнийг;

/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3.1.7.“ажил олоход хүндрэлтэй иргэн” гэж хөдөлмөр эрхлэлтийн нэмэлт үйлчилгээ, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэн болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3.1-д заасан иргэн, хорих ангиас суллагдсан болон хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан иргэн, 6 сараас дээш хугацаагаар ажил олж чадахгүй байгаа иргэнийг; 

3.1.8.“хувиараа хөдөлмөр эрхлэгч“ гэж дангаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхэлж, татварын албанд бүртгүүлэн бизнесийнхээ үйл ажиллагаанд нөлөөлөх шийдвэрээ хараат бусаар бие даан гаргадаг иргэнийг;

3.1.9.“малчин” гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг;

3.1.10.“ажилд зуучлах” гэж ажил хайж байгаа иргэнд хүсэл сонирхол, мэргэжил, ур чадварт нь тохирсон ажил олоход, ажил олгогчид эрэлт хэрэгцээнд нь нийцсэн ажилтан олоход туслалцаа үзүүлэх үйлчилгээг;

3.1.11.“бизнес инкубацийн үйлчилгээ” гэж хувиараа хөдөлмөр эрхлэгч болон хувиараа хөдөлмөр эрхлэхийг хүссэн иргэн, түүнчлэн малчинд мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө өгөх, аж ахуй эрхлэх ур чадвар эзэмшүүлэх, үйлдвэрлэлийн байр түрээслүүлэх зэргээр дэмжлэг үзүүлж, аж ахуй эрхлэх таатай орчныг бүрдүүлэхийг.

3.1.12.“бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч” гэж 50 хүртэл сая төгрөгийн үйлдвэрлэлийн хөрөнгө, эсхүл үйлчилгээний борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэнийг.

/Энэ заалтыг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн/

4 дүгээр зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны зарчим, төрийн бодлогын чиглэл

4.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд дараах зарчим баримтална:

4.1.1.иргэнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, эрүүл мэндийн байдал, хөрөнгө чинээ, боловсрол, нийгмийн гарал, байдал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь үл ялгаварлах;

4.1.2.хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ адил тэгш, нээлттэй, ил тод байх;

4.1.3.иргэн сайн дурын үндсэн дээр хөдөлмөр эрхлэлтэд хамрагдах;

4.1.4.ажил олоход хүндрэлтэй иргэдийн хөдөлмөрлөх тэгш эрх, адил боломжийг хангах;

4.1.5.нийгмийн түншлэлийг дэмжих;

4.1.6.олон нийтийн оролцоонд тулгуурлах.

4.2.Төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар дараах бодлогын чиглэлийг баримтална:

4.2.1.хүн амын хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх, ажиллах хүчний хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой түвшинг хангах;

4.2.2.ажиллах хүчнийг хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн хөгжүүлэх;

4.2.3.хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн иргэний мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх;

4.2.4.хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, судалгааг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанар, үр ашгийг дээшлүүлэх;

4.2.5.ажиллах хүчний дотоодын зах зээлийг эзэмших, гадаадын зах зээлд мэргэшил, чадвар дээшлүүлэх;

5 дугаар зүйл.Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг дэмжих

5.1.Төрөөс хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг дэмжих талаар дараах арга хэмжээг жил бүр авч хэрэгжүүлнэ:

5.1.1.үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах талаар судалгаа хийх, гэрээ, хэлэлцээр байгуулах;

5.1.2.экспортлох зориулалттай үйлдвэрлэл эрхлэх болон ажлын байр олноор нэмэгдүүлэх жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид эхний ээлжид зээл олгох, бий болгосон ажлын байрны тоог харгалзан татварын хөнгөлөлт үзүүлэх;

5.1.3.алслагдсан болон эдийн засгийн сул хөгжилтэй бүс нутагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, эсхүл төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан зарчмаар хөрөнгө оруулах;

5.1.4.Засгийн газраас тодорхойлсон бусад арга хэмжээ.

5.2.Энэ хуулийн 5.1-д заасан арга хэмжээг аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тодорхойлж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны төрөл, хэлбэр

6.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа нь дараах төрөлтэй байна:

6.1.1.хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ;

6.1.2.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ.

6.2.Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ:

6.2.1.ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах;

6.2.2.ажилд зуучлах;

6.2.3.ажилгүйдлийн тэтгэмж олгох;

6.2.4.нэгдсэн бүртгэл, мэдээллийн үйлчилгээнд хамруулах;

6.2.5.бусад үйлчилгээ.

6.3.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг дараах төсөл, хөтөлбөрийн хэлбэрээр хэрэгжүүлнэ:

6.3.1.хөдөлмөрт бэлтгэх;

6.3.2.хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах;

6.3.3.малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийг дэмжих, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих;

6.3.4.ажил олгогчийг дэмжих;

6.3.5.нийтийг хамарсан ажил зохион байгуулах;

6.3.6.ажил олоход хүндрэлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;

6.3.7.хууль тогтоомжид заасан, түүнчлэн Засгийн газрын болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэрээр тодорхойлсон бусад төсөл, хөтөлбөр.

6.4.Ажилгүйдлийн даатгалын тэтгэмж олгох нөхцөл, журмыг Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулиар зохицуулна.

6.5.Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үнэ төлбөргүй байна.

7 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хамрах хүрээ

7.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд ажил хайгч, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэн, малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн, ажил олгогч энэ хуульд заасны дагуу хамрагдана.

/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ

8 дугаар зүйл.Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээ

8.1.Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээнд тодорхой ажил, мэргэжил, ажлын байрны талаарх мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэх, ажил, мэргэжлээ сонгох болон хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, арга хэмжээнд хамрагдах нөхцөлийн талаар зөвлөгөө өгөх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангах үйлчилгээ хамаарна.

8.2.Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлийн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээг ганцаарчилан болон хэсэг, бүлгээр зохион байгуулна.

8.3.Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг тухайн сургуулийн захиргаатай хамтран тусгайлсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.

8.4.Хөдөлмөрийн бирж ажил, мэргэжлийн чиг баримжаа олгоход ашиглах гарын авлага, түгээмэл мэргэжил бүрээр танилцуулга бэлтгэж, мэдээллийн сан бүрдүүлнэ.

8.5.Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын агуулга, сургагч багшид тавих шаардлагыг хөдөлмөрийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд тогтооно.

/Энэ заалтыг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн/

9 дүгээр зүйл.Ажилд зуучлах

9.1.Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага, хөдөлмөрийн бирж нь бүртгэсэн ажил хайгч болон ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэнийг ажил олгогчийн эрэлт хэрэгцээг үндэслэн ажилд зуучилна.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

9.2.Хөдөлмөрийн хувийн биржийг аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний эрх олгосон байгууллага бүртгэж, мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбоно.

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт, 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

9.3.Энэ хуулийн 9.1-д заасан үйлчилгээний хүрээнд иргэнийг ажилд зуучлах боломжгүй бол хөдөлмөрийн хувийн бирж уг иргэнийг хөдөлмөр эрхлэлтийн арга хэмжээнд хамруулахаар аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага, сум, хорооны хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтанд мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

9.4.Энэ хуулийн 9.2-т заасан мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон хөдөлмөрийн хувийн биржид уг нэгдсэн сүлжээнд бүртгэгдсэн ажил хайгчдаас ажилд зуучлуулсан болон оруулсан хүний тоогоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тогтоосон тарифаар тооцож санхүүжилт олгох бөгөөд хөдөлмөрийн хувийн бирж нь ажилд зуучлуулсан иргэнээс шууд ба шууд бус байдлаар үйлчилгээний төлбөр авахыг хориглоно.

9.5.Хөдөлмөрийн хувийн биржийг бүртгэж, санхүүжилт олгох журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ

10 дугаар зүйл.Хөдөлмөрт бэлтгэх

10.1.Хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээ нь ажил олоход хүндрэлтэй иргэн, сургууль завсардсан, хөдөлмөрийн насанд хүрсэн хүүхдэд хүнтэй харилцах ур чадвар эзэмшүүлэх, хөдөлмөрийн харилцааны мэдлэг олгох, хөдөлмөрийн дэг журам, үйлдвэрлэлийн горимд дасан зохицоход нь туслах зэрэг зайлшгүй хэрэгцээт багц үйлчилгээ, дэмжлэг, туслалцааны хэлбэртэй байна.

10.2.Хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээний үйлчилгээ, дэмжлэг, туслалцааг хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

11 дүгээр зүйл.Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах

11.1.Хөдөлмөр эрхлэлтийн сургалт нь иргэнд үйлдвэрлэл дээрх сургалт, мэргэжлийн болон давтан сургалт, явуулын болон зайны сургалт, шавь сургалтын зэрэг хэлбэрээр богино хугацаанд мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, хөгжүүлэх зорилготой байна.

/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

11.2.Хөдөлмөр эрхлэлтийн сургалт нь ажилгүй иргэн, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэн, сургууль завсардсан, хөдөлмөрийн насанд хүрсэн хүүхдэд богино хугацаанд мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, хөгжүүлэх зорилготой байна.

/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

11.3.Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14.5-д заасан журмын дагуу гэрчилгээ авсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй хамтран хөдөлмөр эрхлэлтийн сургалтыг зохион байгуулж болно.

/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

11.4.Энэ хуулийн 11.2-т заасан иргэний сургалтын зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас бүрэн болон хэсэгчлэн санхүүжүүлнэ.

11.5.Энэ хуулийн 11.2-т зааснаас бусад иргэн хөдөлмөр эрхлэлтийн сургалтад өөрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын зардлаар, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасан Ажилгүйдлийн даатгалын сангийн зардлаар хамрагдаж болно.

11.6.Хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамрагдсан иргэний мэргэжлийн ур чадварыг үнэлэх, шалгах, баталгаажуулах ажлыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний эрх олгосон байгууллага зохион байгуулах бөгөөд мэргэжлийн ур чадварыг үнэлэх, шалгах, баталгаажуулах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хууль, 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт, 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

11.7.Гадаад улсад хөдөлмөр эрхэлж, тодорхой мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний хүсэлт, нотлох баримт бичгийг үндэслэн мэргэжлийн ур чадварыг нь хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргаанытөв байгууллага болон түүний эрх олгосон байгууллага үнэлж, баталгаажуулна.

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хууль, 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт, 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

11.8.Ялтан, хугацаат цэргийн алба хаагчид зориулан хөдөлмөр эрхлэлтийн сургалтын төслийг хэрэгжүүлж болно.

12 дугаар зүйл.Малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих

/Энэ зүйлийн гарчигт 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

12.1.Малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих арга хэмжээ нь иргэний ганцаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхлэх санаачилгыг мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, аж ахуй эрхлэлтийн сургалтанд хамруулах, жижиг зээл, санхүүгийн дэмжлэг, бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэх зэрэг арга хэрэгслээр дэмжин туслах хэлбэртэй байна.

/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

12.2.Малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих зориулалттай жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох бөгөөд уг сангаас олгох жижиг зээлийг банкаар дамжуулан олгоно.

/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

12.3.Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид таван сая хүртэл, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд арван сая хүртэл төгрөгийн зээлийг 2 жил хүртэл хугацаагаар олгоно.

/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

12.4.Ажил олоход хүндрэлтэй иргэн материал, түүхий эд, үр, бордоо, мал, тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл зэргийг худалдан авахад зориулж жижиг зээл авсан бол зээлийн хүүгийн төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нөхөн төлнө.

/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

12.5.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас энэ хуулийн 12.2-т заасны дагуу олгож байгаа зээлийн хүүгийн хэмжээ нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгөн хөрөнгийг байршуулсан банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байна.

12.6.Энэ хуулийн 12.2-т заасны дагуу олгож байгаа жижиг зээлд батлан даалт гаргаж болно.

/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

12.7.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам, жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийн хэмжээг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2016 оны дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

12.8.Бизнес инкубацийн үйлчилгээг дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ:

12.8.1.бизнесийн санаа олсон иргэнийг аж ахуй эрхлэх сургалтад хамруулах, төсөл боловсруулахад нь туслах, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах; 

12.8.2.бизнесийн төсөл боловсруулж, шалгарсан иргэнд шаардлагатай тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн байр түрээслүүлэх, тодорхой хугацаагаар түрээсийн хөнгөлөлт үзүүлэх;

12.8.3.бизнесийн мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, түншлэлийн харилцаа холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх;

12.8.4.энэ хуулийн 12.4-т заасан зээл олгох, хөнгөлөлт үзүүлэх, бичил үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих;

/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

12.8.5.бусад.

12.9.Гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэн ажлын байр бий болговол түүнд бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлж, энэ хуулийн 12.3, 12.4-т заасан зээл, хөнгөлөлт үзүүлж болно.

13 дугаар зүйл.Ажил олгогчийг дэмжих

13.1.Ажил олгогчийг дэмжих арга хэмжээ нь ажил олоход хүндрэлтэй иргэнийг ажиллуулахтай холбоотой гарсан зардлыг ажил олгогчид бүрэн болон хэсэгчлэн нөхөн төлөх, ажил олгогчийн бий болгосон ажлын байранд тухайн иргэнийг тогтвортой ажиллахыг урамшуулах зорилго бүхий санхүүгийн дэмжлэгийн хэлбэрээр хэрэгжинэ.

13.2.Ажилгүйдлийн даатгалын сангаас тодорхой нөхцөл, шаардлагыг хангасан ажил олгогчид ажлын байр хадгалах зорилгоор санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

13.3.Энэ хуулийн 13.2-т заасан санхүүгийн дэмжлэг олгох нөхцөл, шаардлагыг Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулиар тогтооно.

13.4.Гэрээний үндсэн дээр бусдаар малаа маллуулж байгаа мал бүхий иргэнийг энэ хуулийн 13.1-д заасан ажил олгогчид хамааруулна.

14 дүгээр зүйл.Нийтийг хамарсан ажил зохион байгуулах

14.1.Нийтийг хамарсан ажлыг ажилгүй иргэн, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэн болон ажилгүй иргэнийг түр хугацаагаар ажиллуулах, орлого нэмэгдүүлэх төрөл бүрийн арга хэмжээний хэлбэрээр зохион байгуулна.

14.2.Нийтийг хамарсан ажлын хөтөлбөрийг аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага орон нутгийн нөөц бололцоо, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсруулж, нутгийн захиргааны байгууллага болон аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулна.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

14.3.Гамшгийн хор уршгийг арилгах, нөхөн сэргээх зорилгоор аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагаас нийтийг хамарсан ажлын түр хөтөлбөр хэрэгжүүлж болно.

/Энэ хэсэгт 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14.4.Нийтийг хамарсан ажлын хөлс, тухайн ажлыг гүйцэтгэхтэй холбоотой хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас, бусад зардлыг орон нутгийн төсвөөс болон аж ахуйн нэгж, байгууллага гаргана.

14.5.Нийтийг хамарсан ажлын нэг цагийн хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлын хэмжээг ажлын онцлогийг харгалзан хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

14.6.Нийтийг хамарсан ажлын нэг цагийн хөлс нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна.

15 дугаар зүйл.Ажил олоход хүндрэлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

15.1.Ажил олоход хүндрэлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор энэ хуульд зааснаас гадна дараах дэмжлэг үзүүлнэ:

15.1.1.ажил олоход хүндрэлтэй иргэнд хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамрагдах хугацаанд нь хоол, унааны зардлын хөнгөлөлт үзүүлж, уг зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэх;

15.1.2.хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан болон хорих ангиас суллагдсан иргэнийг үйлдвэрлэл дээрээ дадлагажуулан үндсэн ажилтнаар нэг жилээс доошгүй хугацаагаар үргэлжлүүлэн ажиллуулж байгаа ажил олгогчид дадлагын хугацааны сургалтын зардлыг нөхөн олгож, нэг жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний санхүүгийн дэмжлэгийг нэг удаа олгох;

/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.1.3.ажил олоход хүндрэлтэй иргэн, хувиараа болон өрхийн аж ахуйн хэлбэрээр хөдөлмөр эрхлэх бол түүнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нэг сая хүртэл төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг нэг удаа олгох;

/Энэ заалтыг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

15.1.4.хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 6 сараас дээш хугацаагаар ажилгүй байгаа иргэнийг ажилд авч, 12 сараас доошгүй хугацаагаар ажлын байраар хангасан ажил олгогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшууллыг нэг удаа олгох;

15.1.5.хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан болон хорих ангиас суллагдсан иргэнийг ажлын байраар хангаж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх талаар тодорхой санаачилга гаргаж, үр дүнд хүрсэн ажил олгогчийг тусгай болзлын дагуу Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл шалгаруулж, урамшуулах.

15.2.Малгүй болон цөөн малтай иргэнийг 12 сараас доошгүй хугацаагаар туслах малчнаар ажиллуулан, мал маллах арга ажиллагаанд сургаж, малжуулсан малчинд тухайн иргэнд төлсөн хөдөлмөрийн хөлсний хэмжээг нь харгалзан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нэг сая хүртэл төгрөгийн санхүүгийн дэмжлэг нэг удаа үзүүлж болно.

/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

15.3.Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага, хөдөлмөрийн бирж нь ажилд зуучилсан ажил олоход хүндрэлтэй иргэн, түүний ажил олгогчтой гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавина.

/Энэ хэсэгт 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЭЛ

16 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн тогтолцоо

16.1.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн тогтолцоо нь хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн сүлжээ, түүний программын болон техникийн хангамж, мэдээлэл цуглуулах, түгээх үйлчилгээ, мэдээллийн эх үүсвэрээс бүрдэнэ.

17 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан

17.1.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан нь ажиллах хүчний талаарх мэдээ, мэдээлэл, ажлын байрны болон ажил хайгч, ажилгүй иргэн, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэгч болон уг үйл ажиллагаанд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдсон бүртгэл, мэдээллийг агуулна.

18 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн сүлжээ

18.1.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн сүлжээ нь хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл цуглуулах, боловсруулах, хадгалах, хамгаалах, түүнээс мэдээлэл түгээх, цахим хуудас, түүнд суурилсан программ болон техник хангамж, мэдээллийн бусад арга хэрэгслээс бүрдэнэ.

19 дүгээр зүйл.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн сүлжээний үйл ажиллагааг хариуцах байгууллага

19.1.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээ, мэдээллийг нэгтгэх, боловсруулах, хадгалах, хамгаалах болон хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн сүлжээний үйл ажиллагааг мэргэжил, арга зүй, технологийн хувьд хариуцаж, хэвийн ажиллуулах чиг үүргийг энэ хуулийн 29.5-д заасан хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19.2.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн сүлжээний үйл ажиллагааны болон аюулгүй байдал, хамгаалалтын журам, стандартыг тогтоох, хяналт тавих, программ болон техник хангамжийг хөгжүүлэх чиг үүргийг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/